Химийн холбоо хэдэн төрөлтэй вэ?
Химийн холбоог электрон хэрхэн тархсанаар нь ялгана. Энэ симулятор дөрвөн төрлийг харуулна:
| Холбоо | Электрон | Хэний хооронд | Жишээ |
|---|---|---|---|
| Туйлгүй ковалент | Хосыг тэгш хуваалцана | Ижил металл бус атомууд | H2, Cl2, O2, N2 |
| Туйлтай ковалент | Хос нь нэг атом руу татагдана | Өөр металл бус атомууд | HCl, HF, H2O |
| Ионы | Бүрэн шилжинэ | Металл ба металл бус | NaCl, MgO, KF |
| Металлын | Чөлөөлөгдөж бүх ионд нийтлэг болно | Металл атомууд | Cu |
Ковалент холбоонд хэдэн хос хуваалцахыг гадаад бүрхүүлд дутуу электроны тоо заана. Cl2-т хлор бүрт 1 электрон дутуу тул дан холбоо, O2-т 2 дутуу тул давхар холбоо, N2-т 3 дутуу тул гурвалсан холбоо үүснэ.
Цахилгаан сөрөг чанарын зөрүүгээр ялгах
Цахилгаан сөрөг чанар (Ц.С.Ч) нь атом хос электроныг өөр рүүгээ татах чадвар юм. Хоёр атомын Ц.С.Ч-ын зөрүүгээр холбооны төрлийг тодорхойлж болно:
| Зөрүү | Холбоо | Жишээ |
|---|---|---|
| 0–0.4 | Туйлгүй ковалент | H–H: 2.1 − 2.1 = 0 |
| 0.4–2.0 | Туйлтай ковалент | H–Cl: 3.0 − 2.1 = 0.9 |
| 2.0-оос их | Ионы | Na–Cl: 3.0 − 0.9 = 2.1 |
Зөрүүний хил нөхцөлт бөгөөд зарим номд 1.7 гэж өгдөг. Туйлтай холбоонд Ц.С.Ч ихтэй атом бага зэрэг сөрөг (δ⁻), нөгөө атом нь бага зэрэг эерэг (δ⁺) цэнэгтэй болно.

Холбоог Nalukh chem аппаас өөрөө угсраарай
Атомыг чирч ойртуулаад ковалент, ионы холбоо үүсгэж, металлын электрон далайг бүрдүүл. Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.
Симуляторыг хэрхэн ашиглах вэ?
- Дээд мөрний Туйлгүй ковалент, Туйлтай ковалент, Ионы, Металлын товчоор холбооны төрлөө сонгоно.
- Доорх мөрөөс томьёогоо сонгоно. Металлын хэсэгт энэ мөр байхгүй.
- Зүүн талын атомыг чирж баруун талын атомд ойртуулаад тавина. Хангалттай ойртвол холбоо үүснэ, хол тавивал дахин чирнэ. H2O-д хоёр устөрөгчийг тус тусад нь чирнэ.
- Ковалент хэсгүүдэд цэнхэр цэг нь баруун талын атомын, улаан хэрээс нь чирсэн атомын электрон. Атом бүрийн доор Ц.С.Ч-ын тоо бичигдсэн.
- Металлын хэсэгт 12 Cu атомыг нэг нэгээр товшино. Товшсон атом Cu+ ион болж, электрон нь чөлөөтэй хөдөлнө.
- Доод мөрөнд заавар, холбоо үүссэний дараа дүгнэлт гарна. Толгойн баруун талын дугуй сумтай товч тухайн дэлгэцийг дахин эхлүүлнэ.
Энд Ц.С.Ч-ыг тоймлосон утгаар харуулна (фтор 4.0, устөрөгч 2.1). Нарийвчилсан утгыг үелэх хандлагын заавраас үзээрэй.
Симулятор дээр оролдож үзэх даалгавар
- Туйлтай ковалент хэсэгт HCl, HF-ын атомын доорх тоогоор зөрүүг бод. Аль холбоо илүү туйлтай вэ? Хариу: 0.9 ба 1.9, HF илүү туйлтай.
- Туйлгүй ковалент хэсэгт H2, O2, N2-ийг угсраад хос электроны тоог харьцуул. Хариу: 1, 2, 3 хос буюу 2, 4, 6 электрон.
- Ионы хэсэгт NaCl, MgO-д хэдэн электрон шилжих вэ? Хариу: 1 ба 2.
- Металлын хэсэгт Cu атомуудыг товш. Доод мөр хэзээ өөрчлөгдөх вэ? Хариу: 12 атомыг бүгдийг нь товшсоны дараа.
Түгээмэл алдаа
- HF-ыг ионы холбоо гэж бодох. Зөрүү нь 1.9 их ч 2.0-оос бага. Хоёр металл бус атомын хооронд хос электрон хуваалцагддаг тул холбоо нь туйлтай ковалент.
- Туйлтай холбоонд электрон шилждэг гэж бодох. Хос электрон нэг атом руу ойртдог ч хоёр атомд хамаарсан хэвээр. Бүрэн шилжвэл ионы холбоо болно.
Төрөл бүрийн дэлгэрэнгүйг ионы холбоо, металлын холбооны заавраас үзээрэй.


