Исэлдэлт ба ангижрал гэж юу вэ?
Исэлдэлт гэдэг нь атом электроноо алдах, ангижрал гэдэг нь электрон авах үйл явц юм. Хоёр нь үргэлж хамт явагдана: нэг атомын алдсан электроныг өөр атом авна.
| Шинж | Исэлдэлт | Ангижрал |
|---|---|---|
| Электрон | алдана | авна |
| Исэлдэхүйн хэм | ихэснэ | багасна |
| Бодисын үүрэг | ангижруулагч | исэлдүүлэгч |
| NaCl үүсэхэд | натри: 0 → +1 | хлор: 0 → −1 |
Исэлдэхүйн хэм нь атом хэдэн электрон алдсан, эсвэл авсныг харуулах тоо. Дан бодисын атомын хэм 0 байдаг. Саармаг нэгдэлд бүх атомын хэмийн нийлбэр 0 болно.
Симулятор дээрх металл 1 эсвэл 2 электрон алддаг:
| Металл | Алдах электрон | Жишээ нэгдэл |
|---|---|---|
| Li, Na, K | 1 | NaCl, LiF, K2S |
| Mg, Ca, Ba, Zn | 2 | MgO, CaCl2, ZnO |
Хлор, фтор, бром 1 электрон, хүчилтөрөгч, хүхэр 2 электрон авна. Иймээс MgCl2 нэгдэлд нэг магни хоёр хлорт, Na2O нэгдэлд хоёр натри нэг хүчилтөрөгчид электрон өгдөг.

Электрон шилжилтийг Nalukh chem аппаас хараарай
Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.
Симуляторыг хэрхэн ашиглах вэ?
- Зүүн талын жагсаалтаас 20 нэгдлийн нэгийг сонгоно.
- Эхлүүлэх товчийг дарна. Металлын электрон муруй замаар металл бус атом руу шилжинэ.
- Хөдөлгөөн дуусахад атом бүр дээр цэнэг гарч, дээд мөрөнд үүссэн нэгдлийн нэр бичигдэнэ.
- Баруун талын ИСЭЛДЭХҮЙН ХЭМ самбар тодорч, атом бүр хэдэн электрон алдсан, авсан нь харагдана. Доор нь томьёо, нийт цэнэг бичигдэнэ.
- Дахин эхлэх товчоор хөдөлгөөнийг давтана. Дээд буланд байгаа сэргээх товч эхний нэгдэл рүү буцаана.
Симулятор дээр оролдож үзэх даалгавар
Эхлээд хариугаа таамаглаад, дараа нь самбартай тулга.
- MgCl2 нэгдлийг сонгож эхлүүл. Магни хэдэн электрон алдаж, хлорын атом тус бүр хэдийг авах вэ? Хариу: магни 2 алдаж, хлор тус бүр 1 авна.
- Na2O ба MgO нэгдлийг харьцуул. Яагаад нэг хүчилтөрөгчид хоёр натри, эсвэл нэг магни хэрэгтэй вэ? Хариу: хүчилтөрөгч 2 электрон авна, натри 1, магни 2 электрон өгдөг.
- K2S нэгдэлд атом бүрийн исэлдэхүйн хэмийг ол. Хариу: кали +1, хүхэр −2. Шалгалт: 2 × (+1) + (−2) = 0.
- ZnCl2 нэгдэлд исэлдсэн, ангижирсан элементийг нэрлэ. Хариу: цайр исэлдэж, хлор ангижирна.
Симулятор ба бодит урвалын ялгаа
Симулятор нэг нэг атомоор харуулдаг. Бодит урвалд хлор Cl2, хүчилтөрөгч O2 молекул хэлбэрээр оролцоно: 2Na + Cl2 = 2NaCl. Энд хоёр натри 2 электрон алдаж, нэг Cl2 молекул 2 электрон авна.
Исэлдэлтэд хүчилтөрөгч оролцох албагүй. NaCl үүсэхэд хүчилтөрөгч байхгүй ч натри электрон алдаж исэлддэг. Мөн ангижруулагч өөрөө исэлддэгийг бүү андуур: натри хлорыг ангижруулж, өөрөө исэлдэнэ.


