Гальваник элемент гэж юу вэ?
Гальваник элемент бол исэлдэн ангижрах урвалын химийн энергийг цахилгаан энерги болгодог төхөөрөмж юм. Сургуульд ихэвчлэн цайр–зэсийн элементийг үздэг. Цайрын электрод цайрын давсны уусмалд, зэсийн электрод зэсийн давсны уусмалд дүрэгдэнэ. Хоёр электродыг утас, хоёр уусмалыг давсны гүүр холбоно.
| Хэсэг | Юу болдог вэ? | Урвал |
|---|---|---|
| Анод (цайр, −) | Цайр электроноо алдаж исэлдэнэ | Zn → Zn2+ + 2e− |
| Катод (зэс, +) | Зэсийн ион электрон авч ангижирна | Cu2+ + 2e− → Cu |
| Утас | Электрон анодоос катод руу урсана | — |
| Давсны гүүр | Ионууд хөдөлж, уусмалыг саармаг байлгана | — |
Нийт урвал: Zn + Cu2+ → Zn2+ + Cu. Цайр зэсээс идэвхтэй тул электроноо алддаг. Ионы концентраци 1 моль/л үед энэ элементийн хүчдэл 1.10 В байна.
Давсны гүүргүй бол уусмалууд саармаг байж чадахгүй, гүйдэл бараг урсахгүй. Элемент ажиллах явцад цайрын электрод уусаж, зэсийн электрод дээр зэс сууна. Исэлдэлт, ангижралыг Электрон шилжилт нийтлэлээс уншаарай.

Гальваник элементийг Nalukh chem аппаас ажиллуулаарай
Энэ симулятор бүтэн эрхэд багтдаг. Татах нь үнэгүй, бүртгэлгүйгээр 2 бүлэг, 5 симулятор нээлттэй.
Симуляторыг хэрхэн ашиглах вэ?
Симулятор нээгдэхэд хэлхээ залгаастай, чийдэн асаалттай байна.
- Зүүн аяганд Zn −, баруун аяганд Cu + гэсэн электродыг олно. Хоёр аягыг холбосон ногоон нум бол давсны гүүр.
- Шар цэгүүд буюу электрон цайраас утсаар чийдэн дундуур зэс рүү урсахыг ажиглана.
- 💡 Хэлхээ залгаастай — дарж таслах товчийг дарна. Чийдэн унтарч, электрон харагдахгүй болно.
- 🔌 Хэлхээ таслав — дарж залгах товчоор хэлхээг дахин залгана.
Симулятор зөвхөн электроны урсгалыг хөдөлгөөнтэй харуулдаг. Ионы хөдөлгөөн, электродын өөрчлөлт зурагдаагүй.
Симулятор дээр оролдож үзэх даалгавар
- Хэлхээг таслаад дахин залга. Электрон аль чиглэлд явж байна вэ? Хариу: цайраас зэс рүү, анодоос катод руу.
- Хэлхээ тасрахад чийдэн яагаад унтардаг вэ? Хариу: электрон урсах зам тасардаг.
- Цайрын электрод дээр яагаад − тэмдэг байгааг тайлбарла. Хариу: цайр электроноо алдаж, электрод дээр илүүдэл электрон үлддэг.
- Анодын урвалаас бод: 1 моль цайр исэлдэхэд хэдэн моль электрон урсах вэ? Хариу: 2 моль.
Түгээмэл алдаа
- Анодыг үргэлж эерэг гэж бодох. Гальваник элементэд анод сөрөг, катод эерэг. Электролизийн үед эсрэгээрээ анод эерэг, катод сөрөг. Харин исэлдэлт хоёуланд нь анод дээр, ангижрал катод дээр явагдана.
- Электрон уусмалаар явдаг гэж бодох. Электрон зөвхөн утсаар явна. Уусмал, давсны гүүрээр ионууд хөдөлнө.


